ЭЛСЭЛТ | ХОЛБОО БАРИХ
Видео мэдээ
2023-2024 оны хичээлийн жилийн элсэлт
Сургуулийн танилцуулга

Танилцуулга

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Дорноговь аймаг дахь Магадлан Итгэмжлэгдсэн Политехник коллеж  нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилгыг бүрэн хэрэгжүүлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах үүрэг бүхий мэргэжлийн боловсрол олгодог 35 жилийн түүхтэй сургалтын байгууллага юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршдог билээ.

  Политехник коллеж  нь 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны  100 тоот тогтоолоор Дундговь аймгийн барилгын техник мэргэжлийн сургуулийн салбар сургууль болж анх байгуулагдсан түүхтэй.  27 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1987 онд Улаанбаатар хотын барилгын нэгдүгээр Техник мэргэжлийн дунд сургуулийн салбар сургууль, 1989 оны долдугаар сарын 15-нд Ардын Боловсролын Яамны 189 тоот тушаалаар Барилга хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль болон бие дааж, 1992 оноос Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон нэршиж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын Сайдын  2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/68 дугаар тушаалаар Политехник коллеж болон өргөжсөн.

 Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 20211003 дугаар бүхий 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн тус сургууль үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр орон нутагтаа мэргэжилтэй ажилтныг бэлтгэж  ирсэн түүхтэй. Тус сургууль нь мэргэжлийн боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, барилга, техник, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарт олон зуун мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргаж, өдгөө мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндтэй сургуулиудын нэг болсон байна. Сургуулийн захиргаанаас түгээмэл мэргэжил болон үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр бодлого барьж, эрэлт хэрэгцээгээ судлан ажилласны үр дүнд одоог хүртэлх хугацаанд ХАА, барилга, уул уурхай, үйлчилгээний чиглэлийн 20 гаруй мэргэжлээр 15000 орчим  залуусыг мэргэжилтэй ажилтан болгон төгсгөж гаргасан байна.

ü Байгууллагын багш,  ажилтнуудын  нийгмийн асуудлыг шийдвэрлэх, суралцагчдын  сурч хөдөлмөрлөх орчныг сайжруулах, мэдээлэл технологийн хангамжийг орчин үеийн дэвшилтэт үйлчилгээний түвшинд хүргэхэд зориулж нэг тэрбум долоон зуун сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар  орчин үеийн сургалтын стандартад нийцэхүйц орчин бүрдүүлснээр “Нийгмийн даатгалын итгэлтэй түнш”, “Онцлох боловсролын байгууллага”, “Сургалтын шилдэг орчин бүрдүүлсэн сургууль”, “Санхүү эдийн засгийн шилдэг үзүүлэлттэй сургууль”, стандарт хэрэгжүүлэгч байгууллагаар тодорхойлогдож ’’Стандарт-2018, 2019 ‘’ цом, өргөмжлөл,  2017, 2018, 2019 оны  ажил үйлсээрээ салбартаа тэргүүн байр, 2021 онд 5 жилийн хугацаатай  магадлан итгэмжлэгдсэн зэрэг олон амжилтыг хамт олныхоо хүчин чармайлт, идэвх санаачилгаар бий болгосон.

Гэрээний буюу санамж бичгийн үндсэн дээр талууд тэгш эрхтэйгээр, сайн дурын үндсэн дээр, мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийг түргэтгэх сонирхол бүхий  талуудын хамтын ажиллагаа буюу нийгмийн түншлэлийн хүрээнд дараах зохион байгуулалтанд орж ажиллаж байна.

ü Сүүлийн гурван жилийн хугацаанд /2017-2020 онууд/ хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ажил мэргэжлийн дээд сургуультай холбоо тогтоосноор багш болон оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. ӨМӨЗО-ы Шилийн гол, Хөх хот, Бугат зэрэг хотын ижил төстэй сургуулиуд дээр сургалт аялал, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулснаар 5 удаагийн хөтөлбөрөөр 79 суралцагч, 26 багш хамрагдаад байна.

ü Сүүлийн жилүүдэд төрөөс төмөр замын талаарх оновчтой бодлого шийдвэрүүд    хөрсөн дээрээ бууж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тус сургууль мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлдээ өөрчлөлт орууулан 2019-2020 оны хичээлийн жилд төмөр замын таван мэргэжлийг шинээр нээн хичээллүүлсэн. Аливаа шинэ тутам эхэлж байгаа бүхэнд саад тотгор  учирдаг тул  материаллаг бааз, багшлах боловсон хүчний хомсдол, сургалтын орчин нөхцлийн учир дутагдалтай байдал гэх мэт тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд аймаг орон нутгийн удирдлагуудаар дамжуулан УБТЗ-ПТК-той хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай  мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, мэргэжлийн багшаар хангагдах, сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах үүрэгтэйгээр хамтраж ажиллаж 2 дах жилийн төгсөлтөө хийлээ.

ü СЭЗИС-тай 2019 онд  шаталсан нээлттэй виртуал хөтөлбөрт төслийг  хамтран  хэрэгжүүлэх гэрээ байгуулснаар оюутнууд суралцангаа, төгсөгчид  ажиллангаа бизнесийн удирдлагын бакалавр, магистр, докторын боловсролын зэрэг олж авах өргөн боломж нээгдсэн. Орон нутгийн иргэд ч энэхүү хөтөлбөрт хамрагдах бололцоотой. Мөн түүнчлэн аймгийнхаа  ЕБС-ийн сургуулийн сурагчид болон өөрийн сургуулийн элсэгчдэд ‘’Роботын боловсрол’’ олгох хичээлийг 2021 оны 09 дүгээр сараас эхлэн цахим сургалтын арга зүйгээр эзэмшүүлэх хөтөлбөрийг шинээр туршиж, СЭЗИС-ийн орон нутаг дах сургалт арга зүйн төв болон өргөжихөөр гэрээнд тусгагдсан.Дээрх хөтөлбөрүүд нь виртуал сургалтын арга зүйгээр бие даан суралцахуйн зарчмыг баримтлан, хэрэглэгдэхүүн нь ажил хэргээ засан залах бодит жишээнд  суурилсан агуулгатайгаар, зайнаас суралцах нөхцлийг бүрдүүлснээрээ онцлог байгаа билээ.

ü Сити Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар 10-15 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэйгээр  төгсөгчдийг шатлан сургах, багш нарын боловсролын зэргийг дээшлүүлэх, мэргэжлийн боловсрол олгож байгаа мэргэжлийн чиглэлүүдээр сургалтын төлөвлөгөө, хичээл хоорондын уялдаа холбоонд /интеграци/ дүн шинжилгээ хийх, чиглэлээр хамтран ажиллаж байна.

ü 2015-2021 оны хооронд Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болох ‘’Койка‘’; ‘’Жайка‘’; Германы ахмад мэргэжилтэнд зөвлөгөө өгөх төв зэрэгтэй хамтран ажилласнаар гадаад оны өндөр боловсролтой инженер техникчид, эрдэмтэн  багш нарыг урьж, мэргэжлийн боловсролыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай ур чадвар, туршлагыг сургуулийн багш, оюутнуудад түгээн дэлгэрүүлж байна. 2021 онд үргэлжлэх байсан төсөл, гэрээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас зогсонги байдалд ороод байгаа хэдий ч сайн цаг ирэхэд бид харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой.

ü Япон Улсад төгсөгчдийг үргэлжлүүлэн сургах,  мэргэжлээр нь дадлагажуулах,  гадаад харилцааг ѳргѳжүүлэх зорилгоор ижил үйл ажиллагаа  явуулж буй сургууль, холбогдох газартай харилцаа тогтооход дэмжлэг хүсэх,  өөрийн сургуулийн багш ажилчдыг тус улсад дадлага хийх, мэргэжил дээшлүүлэх, хамтран ажиллах зорилгоор ’MICA MONGOLIA’’ Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 2019 оноос  хамтран ажилласнаар мөн оны 07 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Фукоука, Канагава мужуудад  9 багш, ажилтан  мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн  хөтөлбөрт хамрагдаад ирсэн. Япон улсад ажиллах, сурах сонирхолтой залууст зориулсан япон хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн хичээлийн байранд тогтмол зохион байгуулж байна.

Дорноговь Политехник коллеж нь сургалтын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, сургалтын орчныг орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн тохижуулж, суралцагчдын ур чадвар,  төлөвшил, зөв хандлагыг   дээшлүүлэхийн төлөө бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Тус сургууль нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаар тогтоолоор 20211003 дугаар бүхий 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгаалын Сайдын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/68 дугаар тушаалаар Политехник коллеж болон өргөжөөд байна.

 

ДОРНОГОВЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН

ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

 

1.1986 оны 10-р сарын 30 нд Сайд нарын зөвлөлийн 1985 оны 327 дугаар тогтоолоор Барилгын техник мэргэжлийн нэгдүгээр сургуулийн салбар сургууль

 

2.1989 оны 07-р сарын 15 нд Ардын боловсролын яамны 189 дүгээр тушаалаар Барилга ХАА-н техник мэргэжлийн сургууль

 

3.1992-2020 онд Дорноговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1992 оноос Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв

 

4.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаар тогтоолоор 20211003 дугаар бүхий 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн

 

5.Хөдөлмөр, нийгмийн хамгаалын Сайдын  2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/68 дугаар тушаалаар Дорноговь Политехник коллеж болон өргөжсөн.

Харилцагч байгууллагууд